header image

// Altangadas - Хүсэл мөрөөдөл дууссан газар хүн өөрөө дуусдаг.


Эр чанарын өөрчлөлт


Бага хаадын үе (1368-1691) хэмээх түүхэн бичээст тэмдэглэн үлдсэн үеийн төгсгөл хэсэгт буюу 16-р зууны дунд үе, 1570-д оноос Түмэдийн Алтан хан “Далай лам” хэмээх цолыг бий болгож Төвдөөс Зонхавын буюу Шарын шашныг оруулж ирэн Төрийн шашинд залсанаар манай орон Буддын (шарын) шашинд эргэлтгүй орсон. Нүүдэлчин, намхан нуруутай, хэнэггүй, хүчирхэг, дэлхийг өмнөө сөхрүүлсэн навтгар морьтой Монгол эрсийн зүрх нь үхэж эхлэх үе гэж би хувьдаа боддог. Өөрөөр хэлбэл цэрэг эрс мориноосоо буун сэлэм, нумны оронд шар орхимж зүүн ном хүчинд дарагдаж хуварга болон гадаад улсад эзлэгдэх түүхэн эхлэл юмшиг. Мэдээж гадны дайралт тусгаар улсыг довтолгон сандаргах хүчний эсрэг олон баатрууд байсан, тэдний манлайд Сүүлчийн эзэн хаан Лигдэнгээс эхлээд Ойродын Галдан Бошигт гэх мэт бий. Үндсэндээ 1696 онд туулын хөвөөнд Галдан Манжийн хаан Энх-Амгаланд ялагдсанаар бид 20-р зууны эхэн үе хүртэл манжийн дарлалд байсныг та бүхэн сайн мэднэ. Гарамгай баатрууд, хувьсгалчдын ачаар 1911 онд тусгаар тогтнолыг тунхаглан зарласан хэдий ч бид дахин Зөвлөлт улсын дарлал, туршилтын дор 1990 онтой золгож сая нэг хэнээс ч хамааралгүй бүрэн эрхт тусгаар улс болсон (түүхийг өөрийн дураар товчилсонд болгооно уу). Тэгээд 90 оноос өнөөдрийн 2015-03-18-ний өдөр хүртэл түүхийг та бүхэн мэднэ.

Манайхан омогшиж байна гээд л Чингис хаанаа ярьж түүгээрээ өөрсдийгөө баатрууд мэт үнэлж боддог. Гэтэл үндсэндээ 1600 гаад оноос 1990 он хүртэл бараг 400 орчим жил энэ бүх дарлал мөлжлөгийн дор өнөө муу эрчүүд нь илүүтэйгээр өртөөд өөрсдийн гэсэн баатарлаг шинж чанараа хэрхэн яаж алдсаныг хэн ч ярьдаггүй, ярихыг ч хүсдэггүй. Хамгийн сүүлд гэхэд л 1922 оноос эхэлсэн цуст ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ноёд, лам, хаан угсааны, сэхээтэн, улс төрийн лидер гээд Монголын түүхийг тээж байсан ихэнхийг алаад хядаад дууссан, төгсгөл Ю.Цэдэнбал дарга болсон. Иймээс л энэ олон дарлалын дор баатарлаг эр шинж нь аажмаар өөрчлөгдөж аймхай, сүгсэлзүүр, тууштай биш, уухаараа агсам, зарим талаар зусарч, үнэнч биш, илүү уяхан болсон гэх мэт шинжийг олж эр хүйстнийг эм хүйстнээс ялгаж байдаг бүхий л шинжүүд өөрчлөгдсөн. Илүү ч уудаг болсон байх. Учир нь манжууд, орсууд биднийг ер нь уулгаж л сургасан болтойм билээ.

Ингээд 1990 он гарч зах зээлд шилжин эр хүйстэн болгон ганзгын наймаанд явлаа. Харамсалтай нь дээр дурьдсан шинжүүд манай эрсийг наймааны одгүй, мөнгөний мэдэлгүй болгосон учраас наймаанд эмэгтэйчүүдийн фронт дайрах нь тэр. Үүнийгээ хөөрхөн элэглээд Х түц хошиг шог хүртэл хийсэн байдаг байхаа. Эрчүүдийн адал явдал дуусаагүй ээ. 1990-д оны сүүл 2000-аад оны дунд үе хүртэл Солонгос уруу чиглэсэн их нүүдлийн аян хүрээгээ тэлсээр дэлхийн өнцөг булан бүрт чиглэсэн байна.

Энэ бүх түүхэн хүнд үеүдэд эрчүүд маань муу нэрийг зүүсээр өнөөтэй золгов. Үүний үр дүнд багш, эмч, шүүх, төрийн алба, оюутан гээд нийгмийн бүхий л салбарт эмэгтэйчүүд 60 илүү хувиар давамгайлж оролцож байна. Илүү өндөр хувьтай байгаа хэрнээ л илүүг хүсээд байдаг сонин улс даа манай бүсгүйчүүд. Тэдний боловсролын түвшин эрчүүдийн түвшингээс хамаагүй илүү, орлогын хэмжээ мөн төдий хэмжээгээр илүү. Энэ байдал нь сүүлдээ гоонь амьдралын шалтгаан болсон. Боловсрол нимгэн, орлого багатай бүдүүлэг бас ууш идэш таташ нь дийлдэхгүй залуутай насыг барж зодуулж амьдарсанаас ганцааараа байхыг илүүд үзэгчид нэгэнтээ бий болсон байна.

Миний л ажигласнаар 2010 оноос эрчүүд энэ байдлаа илүү ойлгож хичээж амьдрахын төлөө зүтгэж эхэлсэн бололтой. Энэ л үед 2000-аад оны эхэн үед гадагшаа сургаальд сурч, ажиллаж явсан залуус буцан ирж мэдлэгтэй, боловсролтой, хөөрхөн хэдэн төгрөгтэй эрчүүд гарч ирсэнээр манай нийгэмд эргэлт болсон гэж ойлгодог. Тэд мэдлэг ямар хэрэгтэй, тууштай байдал хэрхэн үнэлэгддэг, нийгэмд эрчүүд ямар үүрэгтэй гэдгийг илүү ойлгож хичээж, бусаддаа үлгэрлэж байна.

2015 болон ойрын хэдэн жилүүд миний л ажиглаж буйгаар Монголоороо бахархах, түүхээ сэргээсэн, өв соёл, уламжлалаа нэхэмжилсэн оргил үеүүд байх болов уу. Ийм л түүхэн нөхцөлд хөөрхий хэдэн банди нарыгаа, эрчүүдийгээ цэрэгт явсан яваагүйгээр нь ялгалгүй, тэдэнд урам өгч, тэмцэх, босч ирэх итгэлийг нь өдөөж өгөөсэй л гэж хэдэн үг холбож бичлээ.

Амьдрал баялаг учир үйл явдал ЯАГААД бий болов гэдэг асуултыг асуугчид, шалтгаан хайгчид, эрүүлээр сэтгэгчид, эерэг хандлагыг бий болгогчид олширч сүгсэлзүүрүүд багасах хүслийг шивнээд дэлхийн өнцөг булан бүрт сайхан ирээдүйг итгэл төгс харан бүтээхийг хүсч зүтгэж яваа бүх эрчүүддээ Хаврын тэргүүн шар бар сарын харагчин могой өдөр буюу 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн мэнд хүргье. Сар гарна аа ЗАЛУУСАА...

 

Ш.Алтангадас

Англи улс, Лондон хот.

2015.03.18.

 

 

 





» Төгсгөл = Эр чанарын өөрчлөлт


Сэтгэгдлүүд...


Бичсэн: Зочин | 2015-4-5 | 07:53
Emegtei hvniihe huvid eregtei Hvnii zarim neg taliig vneheer ajiglalgvi yvj. Bs l bdhoor zvil Bn.



Бичсэн: Зочин | 2015-3-18 | 05:42
Түүхэн нөхцөл байдал ийм л байсан. Харин даруухан бичсэн байна.



Бичсэн: Зочин | 2015-3-18 | 12:08
Юун элийрэл бэ







idiomatic-dormant